Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Цэцэрлэг, Хангай, ӨндөрУлаан, Булган, Цахир нутгаар 0,1 – 3,6 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,2-4,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 2,3 градусаар дулаан, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,4-2,5 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Булган Цахир нутгаар 15,0–19,0 градус, бусад нутгаар 20,0-24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 17,0-23,0 градус хүйтэн байсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Төвшрүүлэх, Өгийнуур, ӨндөрУлаан, Цахир, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 1,0-5,0 градус, бусад сумдын нутгаар 6,0-10,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өгийнуур, Өлзийт, Хангай, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар 34,0–39.0 градус, Жаргалант, Хашаат, Булган сумын нутгаар 40,0-44,0 градус, бусад сумдын нутгаар 46,0-49,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 20,0 – 25,0 градус хүйтэн байсан байна. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Булган, Жаргалант, Хайрхан, Хашаат сумдын нутгаар хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж 1-5 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,9 – 8,6 мм хур тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 - 26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал , Хашаат сумдын нутгаар түр зуур секундэт 26 метр хүрсэн байв. Аймгийн ихэнх сумдын нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10м/с дээш салхитай өдөр Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар 7-8 , Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 10-15 өдөр, бусад сумдын нутгаар 20-29 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар нь бэлчээрийн ургамал цухуйгаагүй , бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бог, бод мал төллөх ажлууд явагдаж байна. 4 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн нийт нутгаар салхи шуурга ихтэй, жиндүү хүйтэн байгаа нь хаваржилтын байдлыг хүндрүүлж, мал хорогдож байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа